Эрдэм шинжилгээний хүрээлэн
Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн
Монголчуудын 5000 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэг ухааныг судлан хамгаалах, шинэ эм, эмчилгээний арга хөгжүүлэх хүрээлэн.
Тухай
АШУҮИС-ийн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн нь 2023 оны 9-р сарын 18-ны өдөр нээлтээ хийж тус их сургуулийн эрдэм шинжилгээний таван хүрээлэнгийн нэг болон дөрөв сектортойгоор үйл ажиллагаагаа эхлээд байна. Тус хүрээлэнгийн гол зорилго нь монголчуудын 5000 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэг ухааныг соёлын өв хэмээх үүднээс судлан хамгаалах, монгол хүнд ээлтэй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, шинэ эм зохион бүтээх, зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа, монгол анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундааг үйлдвэрлэх, УАУ-ны эмнэлзүйн шинэ дэвшилтэт аргууд, эмчилгээний заавруудыг боловсруулж эмнэлзүйн практикт нэвтрүүлэх явдал юм.
Хүрээлэнгийн үйл ажиллагаа: уламжлалт анагаах ухааны судар, ном, гараар болон багажаар үйлддэг заслын арга технологийг тогтоож, Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгүүлэх; Монголын уламжлалт анагаах ухааны нэн ховор ном судрыг төвөд, манж, хятад хэлнээс орчуулах; хувь хүний төрөлх өвөрмөц чанарын судалгааг цахим өгөгдөл, хиймэл оюунд суурилан явуулж эмнэлзүйн практикт нэвтрүүлэх; ханах засал, төөнөх засал, жин тавих засал, түрхэж илэх засал, хатгах засал, судасны туулга, бариа заслын арга технологийг цахим сан болгон бүрдүүлэх; Монголын уламжлалт анагаах ухааны төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг сурвалж бичгийн судалгаанд тулгуурлан боловсруулах.