“ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА”СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна”сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр боллоо. УИХ-ын гишүүн Н.Учралын даргалдаг Цахим бодлогын түр хорооноос санаачлан Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), Цагдаагийн ерөнхий газар, багш сурганн хүмүүлэгчид, сурагчдын төлөөлөл оролцож, цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлаар санаа бодлоо солилцож, цаашид ажиллах чиглэлээ тодорхойллоо.

ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Өсвөр үе ба цахим хэрэглээ” сэдэвт судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг, эх, 404 багш хамрагджээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэдэг бөгөөд тэдний 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурсан гэсэн байна.

НҮБ-ын Дэлхийн хүүхдүүдийн аж байдлын тайланд Европт залуусын 96 хувь, хөгжингүй оронд 81 хувь, Монголтой хөгжлөөрөө ойролцоо хөгжиж байгаа орнуудад энэ үзүүлэлт 40 хувьтай байгаа бол манайд өсвөр насныхны 92 хувь нь интернэт ашиглаж байна.

Хүүхдүүд цахим орчинд фэйсбүүк хамгийн түгээмэл ашигладаг бөгөөд 2-3 хаягтай хүүхэд ч олон байна. Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг хүлээн авдаг хэмээжээ. Цахим орчинд хамгийн том аюул нь танихгүй хүн гэдгийг хүүхдүүд мэдэхгүйгээс гэмт хэрэг, садар самуун явдлын золиос болох эрсдэлүүд үүсдэг байна. Өсвөр насны охидтой фэйсбүүкээр холбоо тогтоогоод, хүүхдийн биеийн аль нэг хэсгийг ил гаргасан зургийг нь авдаг. Эцэст нь энэ зургийг чинь олон нийтэд дэлгэнэ гэх мэтээр сүрдүүлж, өөрийн хүслээ хангадаг гэмт хэрэг олон гарчээ.

ЦЕГ-ын мэдээгээр 2017 онд цахим гэмт хэрэг 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагаст 279 болж тав дахин нэмэгджээ. 

ЦЕГ-ын Эрүүгийн тасгийн Кибер гэмт гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Батнасан, Цахим орчинд санхүүгийн байгууллага, хүүхдүүд ихэвчлэн гэмт хэрэгт өртдөг. 2017 онд цахим гэмт хэрэг 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагаст 279 бүртгэгдэж тав дахин нэмэгдсэнийг онцлов. Цагдаагийн байгууллага хүхдийн хагас нүцгэн 1000 гаруй зураг цуглуулаад, хүүхэд сүрдүүлдэг этгээдийг илрүүлсэн.

Танихгүй хаягнаас гадаад хүн хүүхэд рүү нь садар самуун бичлэг, ёс бус зураг илгээгээд байна гэсэн гомдлын дагуу шалгахад Монголд ажилладаг гадаад багш байсан. Мөн хүүхдүүд нэгнээ залилах хэрэг цахим орчинд их гарч байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэйг сануулав. Мөн ЕБС-ийн “Иргэний боловсрол” хичээлийн сэдэвт интернэт зохистой хэрэглээний хичээлийг оруулах саналтай буйгаа илэрхийллээ.

Монголд үүрэн телефоны хэрэглэгч 3.8 сая гаруй байна. Үүнээс 2.4 сая нь ухаалаг утастай, 2.6 сая хүн интернэт хэрэглэдэг. Монголчуудын цахим хэрэглээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн гэж Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Адъяажав танилцуулав.

Интернэтийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд гэрт интернэт холболт хийхдээ зүй бус мэдээлэл авахаас сэргийлэх программ суулгадаг. Харамсалтай нь манайд энэ байдал тун хангалтгүй. Гэртээ интернэт тавиулахдаа танай интернэт зүй бус мэдээлэл авахаас сэргийлэх хамгаалалттай юу? гэсэн асуудаг уу гэхэд эцэг, эхчүүдийн 53 хувь нь үгүй, 30 хувь нь “Санахгүй байна” гэж хариулжээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт зөвлөмжийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад  хүргүүлнэ. Энэ санал санаачилга нь нэг удаа яригдаад өнгөрөх биш энэ чиглэлээр бодлого боловсруулах томоохон ажлын эхлэл болно гэв.

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дэд дарга Б.Энх-Амгалан мөн үеэр Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах хууль эрхзүйн орчин манайд хангалтгүй байгааг онцлов. Тэрбээр, Монголд Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгтэй байна. 

Мөн цахим орчинд нууц хаяг үүсгээд хүнийг гүтгэх, нэр хүндэд халдах явдал хэрээс хэтэрч байгаа. Эрүүгийн шинэ хуульд “гүтгэх” гэсэн заалтыг авч, Зөрчлийн хуульд оруулсан. Зөрчлийн хуулиар хүнийг гүтгэвэл мөнгөн торгууль тавьдаг. Манай хороо энэ мэт замбараагүй байдлыг цэгцлэхэд анхаарч, мэргэжлийн хүмүүстэй цаашид хамтарч ажиллана гэлээ.

ЦЕГ-аас Таны хүүхэд фэйсбүүкт танихгүй хүнтэй найз болсон байвал “UNFRIEND” хийлгээрэй гэсэн уриалга гаргаж, 20 хоногийн аян эхлүүлсэн. Аяны хүрээнд долоо хоногт садар самуун мэдээлэл түгээдэг 170 гаруй гишүүнтэй 14 группийг устгуулсан гэж ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг мэдээлж, хүүхдийнхээ фэйсбүүкийн хэрэглээнд хяналт тавьж, аюулгүй байдлыг нь хангахыг санууллаа.